Бага дунд боловсролын хөгжлийг дэмжих нийгэмлэг
  /  ТУРШЛАГА  /  ДАНИДА-гаас Монголын боловсролын салбарт үзүүлсэн тусламж, төсөл хөтөлбөрийн түүхээс

   Монгол Улс 1990 оноос цоо шинэ нийгэм, улс төр, эдийн засаг, удирдлагын тогтолцоонд шилжиж эхэлсэн тэр агшинд нийгмийн дэд байгуулалууд, тухайлбал, боловсролын тогтолцоо ихээхэн бэрхшээлтэй тулгарсан үед 1991 оны 11 дүгээр сард Японы Токио хотноо болсон олон улсын хандивлагчидын бага хурал дээр Монголын засгийн газар тэдэнд бодит байдлаа танилцуулан сургуулийн салбарт шинэчлэл хийхэд туслахыг хүсэмжилсэнг анх удаа Дани улс хүлээн авч хэвлэл мэдээллийн, хөдөө аж ахуйн болон боловсролын салбарт дэмжлэг үзүүлэх санал гаргасан юм. Энэ нь үнэхээр нийгмийн шинэ тогтолцоонд шилжиж эхэлсэн тэр үед олон улсын хандивлагчдаас Монголын боловсролын салбарыг дэмжих гэсэн анхны санал, түүний үр дүн болсон бодит дэмжлэг нь Монголын боловсролын салбарт хэрэгжиж эхэлсэн гадны хөрөнгийн болон аргазүйн дэмжлэгтэй анхны төсөл байсан.

   Монголын засгийн газрын хүсэлтийг Данийн засгийн газар анх түрүүн хүлээн авахад яах аргагүй Дани ба Монгол улсын найрамдалт харилцаа, түүнийг бүтээсэн хоёр орны хүмүүс хоорондын харилцаа ихээхэн нөлөөлсөн юм. Тухайлбал, 1923 – 1926 онд Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд Дани улсаас ирж амьдарч байсан “Данийск орос” хэмээн Монголчуудын дунд домог болон үлдсэн[1] Карл Кревс тэргүүтэй дөрвөн зоригтон эрсийн нэг болох Хаслундын хүү өнөөдөр Дани – Монголын нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж буй Хенинг Хаслунд Кристенсен 1990 оны тэр үед Дани Улсын хатан хааны дэргэд маршалын алба хашиж байсан нь Дани улсаас Монголд дэмжлэг үзүүлэхэд ихээхэн тус хүргэсэнг бид үргэлж дурсан санах ёстой юм[2].

   Данийн засгийн газрын боловсролын салбарыг дэмжих саналыг нь Дани улсын Гадаад харилцааны яамны харьяа Данийн олон улсын хөгжлийг дэмжих агентлаг – ДАНИДА (DANish International Development Agency- DANIDA) санхүүжүүлэн 1992 оны 8 дугаар сараас эхлэн Данийн Боловсрол Судлалын Вангийн Их Сургууль (ректор Том Плоуг Олсен), Шинжлэх Ухаан Боловсролын Яам (сайд Н.Өлзий хутаг), Улсын Багшийн Их Сургууль (ректор Б.Чулуундорж), Боловсролын Хөгжлийн Сургууль (захирал Б.Жадамбаа) хамтран “Монголын бага дунд боловсролын хөгжлийг дэмжих-ДАНИДА 104, МОНГОЛ 6/1“ төсөл болгон хэрэгжүүлж эхэлсэн.

   Энэ төсөл хэрэгжих явцдаа хоёр ч удаа сунгагдаж 1999 оны 11 дүгээр сар хүртэл үргэлжилсэн бөгөөд Монгол улсын шилжилтийн үеийн нийгэм эдийн засгийн хүнд нөхцөлд бага дунд боловсролын хөгжлийг зохих түвшинд нь тогтоон барьж шинэ тогтолцоонд шилжүүлэхэд үнэхээр онцгой, дорвитой хувь нэмэр оруулсан юм. Уг төслийн материаллаг болон оюуны хөрөнгө оруулалтын бодит үр дүнг түүний төгсгөлийн тайлан[3], гадны экспертүүдийн дүгнэлт зэргээс харж болохын зэрэгцээ тэр үед ДАНИДА–д болон Монголын боловсролын бүх түвшний байгууллагад ажиллаж байсан хүмүүс, хүүхэд нь сургуульд сурч байсан эцэг эх, орон нутгийн удирдлагууд ба иргэдээс асууж тодруулж болох юм. 7 жил гаруй хэрэгжсэн 6.5 сая америк долларын өртөгтэй энэхүү том төслийн тоон болон чанарын үр дүнг бүхэлд нь тоочих боломжгүй мөн шаардлагагүй хэдий ч “сүүлийн жилүүдэд тэдгээрийг бараг мартаад байгааг харгалзан” энд зарим хэсгийг тоймлон дараах байдлаар товч дурдья:

  • Суралцагч төвтэй сургалтын агуулга, аргазүй, үнэлгээг анхлан боловсруулж практикт нэвтрүүлсэн
  • Дээрхи чиглэлээр боловсролын үндсэн байгууллагуудын удирдлага, аргазүйчид, сургуулийн удирдах ажилтан, багш нарыг давтан сургасан буюу боловсролын байгууллагуудын боловсон хүчний чадавхийг дээшлүүлсэн, өөрөөр хэлбэл, гадаад дотоодын 600 гаруй сургалтанд давхардсан тоогоор 30000 хүнийг хамруулсан
  • Сургуулийн өмнөх, бага, суурь, дунд боловсролын анхны агуулгын ба үнэлгээний стандартыг боловсруулан хэрэгжүүлсэн
  • Төслийг хэрэгжүүлэхэд Данийн талаас 30 гаруй, Монголын талаас 300 гаруй багш сурган хүмүүжүүлэгчид шууд оролцон хамтран ажиллаж бие биенээсээ суралцсан бөгөөд тэдгээрийн дийлэнхи олонхи нь өнөөдөр эрдмийн өндөр цол зэрэгтэй болж улс орон тус бүрдээ боловсролыг шинэчлэхэд манлайлах үүрэгтэй оролцож явна
  • Бүх аймгийн боловсрол төвд УАЗ-469 машин (21), бага оворын хэвлэлийн цех (32, бүх төрийн өмчийн багш бэлтгэх сургуулийг оролцуулан), канон (32) гэх мэтийг нийлүүлсэн
  • Говийн 3 аймгийн боловсрол төвд видео студи байгуулсан
  • Багш нарын мэргэжил дээшлүүлэх ажилд зайн сургалтын арга хэрэглэх ажлын эхлэлийг тавьсан
  • 700 гаруй зөвлөмж материалыг хангалттай тоогоор хэвлэн сургууль багш нарт хүргэсэн
  • Багш бэлтгэх сургуулиудын “боловсрол судлал” багц хичээлийн хөтөлбөрийг шинэчлэн, багш нарыг давтан сургасан
  • Монголын зохиогчдын шинэчлэн боловсруулсан 24 нэр төрлийн сурах бичиг тус бүрийг 30000 – 70000 хувь хэвлүүлэн сургуулийн номын сангаар дамжуулан сурагчидад хүргэх ажлыг хариуцан гүйцэтгэсэн
  • Сурах бичгийг зохиох, хэвлэн нийтлэх болон хэвлэх ажлын шинэчлэлийн эхлэлийг тавьсан
  • Монголын онцлогт тохирсон “хамран сургах сургууль” загварыг боловсруулан туршин хэрэгжүүлж үр дүнг холбогдох байгууллагад танилцуулсан
  • Сургуулийн удирдах ажилтан бэлтгэх сургалтын хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлсэн
  • Брайлын хэвлэлийн цех, хэрэглэгдэх цаасны хамт оруулж анхны брайл цагаан толгой, сургалтын хэрэглэгдэхүүн материал хэвлэн түгээсэн
  • Боловсролын байгууллага хоорондын хамтын ажиллагааг сайжруулсан
  • Бага ба суурь боловсролын түвшинд хичээлүүдийг интеграцчилах санааг дэвшүүлэн “байгалийн шинжлэл”, “иргэн ба нийгэм” хичээлийн хүрээнд агуулга, арга зүй, үнэлгээг боловсруулан туршин сурах бичгүүдийг бэлтгэн хэвлүүлж түгээсэн
  • Мөн бага анги, математик, англи хэлний сургалтын агуулга арга зүйг боловсронгуй болгох ажлыг туршин хэрэгжүүлсэн
  • Боловсролын салбарын мэргэжилтнүүдийн болон ЕБС–ийн багш нарын англи хэлний чадавхийг дээшлүүлсэн зэрэг болно.

   Дээрхи үр дүнг эргээд харахад материаллаг хөрөнгө оруулалт тухайн үедээ ихээхэн ач тустай байсан, их үүрэг гүйцэтгэсэн хэдий ч өнөөдөр элэгдэж хуучирч ашиглагдах боломжгүй шахам болсон байхад оюуны хөрөнгө оруулалт болох уг төслийн хүрээнд буй болсон хүний хүчин зүйлийн хөгжил нь үнэхээр Монголын боловсролын шинэчлэлд үнэлж баршгүй дэм болсоор байгааг онцолж хэлмээр санагдаж байна. Магадгүй, энэ нь тухайн төслийн стратегитэй, тухайлбал, төслийг эхэлсэн үеэс Данийн тал буюу зөвлөхүүд зөвхөн хөрөнгийн болон аргазүйн дэмжлэг үзүүлэх, Монголын тал буюу манай аргазүйчид, сургуулийн удирдлага, багш нар хэрэгжүүлэгч байж аливааг хуулбарлан нэвтрүүлэхгүйгээр өөрсдийн уламжлал соёлдоо тохируулан өөрчлөлт шинэчлэлийг хийхээр зөвшилцөн ажилласантай ч холбоотой байж болох юм.

  Өөрөөр хэлбэл, Монголын талаас оролцогчид дээрхи зөвшилцлийг гүнээ ухамсарлан өөрсдийнхөө ажлыг хийж байна гэдгээ ойлгон өөрийн ухаанаар, өөрсдөө ихээхэн хүч чармайлт гарган ажилласаны дүнд л сайн хөгжсөн ч байж болох юм. Гэхдээ бид бас нэг талыг барьж бидэнд үнэхээр сэтгэл харамгүй туслан ажилласан төслийн гадны зөвлөхүүдийн ажлыг үгүйсгэж болохгүй, тусыг нь мартахын аргагүйг ч байнга санаж байх хэрэгтэй.

   Дээрхи төсөл амжилттай хэрэгжсэнг Дани улсын засгийн газар болон ДАНИДА өндрөөр үнэлэн цаашид түүний үргэлжлэл болгон “Монголын Бага Дунд Боловсролын Хөгжлийг Дэмжих Нийгэмлэг”–ийн боловсруулан танилцуулсан, хөдөө орон нутаг дахь аймаг, сумын төвөөс алслагдсан 40 сургуулийн хүрээнд хэрэгжүүлэх дөрвөн жилийн хугацаатай “Хөдөөгийн Сургуулийн Хөгжил” төслийг 2000 оноос Дани–Монголын Нийгэмлэгээр дамжуулан өөрийн төрийн бус байгууллагад туслалцаа үзүүлдэг сан хөмрөгөөсөө дэмжин хэрэгжүүлж эхэлсэн.

   Уг төслийн үр дүнг, тухайлбал, Монголын хөдөөгийн бага дунд сургуулийн хамт олон, орон нутгийн удирдлага, эцэг эх, олон нийт маш бага хөрөнгийн дэмжлэгтэйгээр асар их зүйлийг бүтээдэг болохыг мэдэрч ДАНИДА “Хөдөөгийн сургуулийн хөгжил” төслийг хоёр үе шаттай болгон, хамрагдах сургуулийн тоог 40 -өөр нэмж нийт 80 сургуулийн хүрээнд 2010 оны 9 дүгээр сар хүртэл сунган хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.

   “Хөдөөгийн сургуулийн хөгжил” төслийг бид хамтран хэрэгжүүлэх явцдаа бүтээсэн сургууль, түүний хөгжлийн талаархи онол, үзэл баримтлал, ойлголтууд тэдгээрийг хэрэгжүүлэхүйн дүнд буй болсон туршлага сургамжаа нэгтгэн “Сургуулийн хөгжлийн онол, практикийн зарим асуудал” товхимол болон “Мэдээлэл” номыг жил бүр 10 жил дараалан бэлтгэн гаргасан.


[1] Барнууд Л. Чойжилсүрэн, “Данийск орос” ба Булган тал (“Daniisk (Danish) Russians and Bulgan plateau”) , 2002, УБ

[2] Бага дунд боловсролын хөгжлийг дэмжих нийгэмлэг, “ДАНИДА NEWS” сэтгүүл, 2005, ¹4, х.16-18

[3] Жонни Балтзерсен, Б.Жадамбаа, Монголын бага/дунд боловсролын хөгжлийг дэмжих ДАНИДА-гийн тусламж, 1999, УБ

Шинэ мэдээ

Орон нутгийн мэдээ