Бага дунд боловсролын хөгжлийг дэмжих нийгэмлэг
  /  ТУРШЛАГА  /  “Хөдөөгийн сургуулийн хөгжил” төсөл

 “Хөдөөгийн сургуулийн хөгжил” төслийн уг чанар

Монгол улс 1990 оноос социализм цогцлон байгуулахаасаа татгалзан нэг намын болон төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооноос хүмүүнлэг, иргэний ардчилсан зах зээл бүхий шинэ нийгмийн тогтолцоонд шилжиж эхэлсэнээс нийгмийн бүх дэд байгуулалууд, тухайлбал боловсролын байгуулал нийгэм эдийн засгийн өөрчлөлт шинэчлэлийн асар олон тулгамдсан асуудалтай тулгарч байгаа юм.

Бид 1992 оноос эхэлсэн Данийн дэмжлэгтэй “Бага дунд боловсролын хөгжлийг дэмжих нь” төслийн хүрээнд “Орон нутагт түшиглэсэн сургууль” дэд төслийг хэрэгжүүлэх явцдаа:

  • Манай орны нийгэм эдийн засгийн өөрчлөлт шинэчлэл нь хөдөөгийн боловсролд, ялангуяа төвөөс алслагдсан сум, багийн сургуулиудын хувьд үнэхээр хүнд туссан, яаж хөгжихөө төдийлэн сайн төсөөлөхгүй байгаа,
  • Хөдөөгийн алслагдсан сум багийн сургуулиуд нь өнөөгийн нийгэм эдийн засгийн өөрчлөлт шинэчлэлд дасан зохицож чадахгүй байгаа,
  • Хөдөөгийн алслагдсан сум, багт ядуу иргэдийн тоо өсч байгаа,
  • Төрөөс болон олон улсын байгууллага, бусад хандивлагчдаас хөдөөгийн алслагдсан сум, багийн сургуульд үзүүлдэг “тогтвортой” хөрөнгийн болон аргазүйн дэмжлэг хэт суларсан,
  • Сургуулийн хөгжилд, тухайлбал, засвар үйлчилгээнд иргэний нийгэм оролцдог болсноор сургуулийн хөгжлийн чанар, чадавхи дээшилсэн гэдгийг дээрхи дэд төсөл харуулсан,
  • Хөдөөгийн алслагдсан сум, багийн иргэд Монголын уламжлалт нүүдлийн соёл иргэншлээ харьцангуй хэвээр хадгалж, түүнийгээ хамгаалж байгаа,
  • Хот, төв суурин газар амьдарч буй иргэдийг бодвол “нүүдлийн соёл иргэншил”–ийн “дархлал” сайтай,
  • Хөдөөгийн алслагдсан сум, багийн сургуулийн сургалтын чанар харьцангуй доогуур байгаа,
  • Хөдөөгийн алслагдсан сум, багийн иргэний нийгмийн чадавхи сул байгаа,
  • Хөдөөгийн алслагдсан сум, багийн сургуульд үнэхээр хөрөнгийн болон аргазүйн дэмжлэг шаардлагатай зэргийг илрүүлэн тогтоосон юм.

Дээрхи үр дүнд үндэслэн Монголын Бага, Дунд Боловсролын Хөгжлийг Дэмжих Нийгэмлэг, Данийн эрдэмтэдтэй хамтран

  • Хөдөөгийн алслагдалт, ядуурлаасаа болоод өөрсдийн хүссэн зүйлээ хэрэгжүүлж чадахгүй байгаа сум, багийн сургууль болон иргэдэд хөрөнгийн болон аргазүйн дэмжлэг үзүүлэх
  • Сургуулийн хөгжлийн чанарыг “гадны туршлага”–ыг “импортлох”–гүйгээр өөрсдийн нүүдлийн соёл–иргэншил, уламжлал, чадавхидаа тулгуурлан, сонирхлын бүлгүүдийн идэвхитэй оролцоо, бүтээлч хамтын ажиллагааны үндсэн дээр сайжруулж чадах “хүний хүчин зүйлийн нөөц” бүрдүүлэх
  • Хөдөөгийн сургуулийн болон орон нутгийн удирдлага, багш нар, эцэг эх, олон нийттэй хамтран, тэдний өдөр тутмын практик үйл ажилбарт түшиглэн нийгэм, эдийн засгийн шинэ нөхцөл байдал, тухайн орон цагт тохирсон, Монгол хөрсөнд таарсан, уламжлал шинэчлэлийг хослуулсан сургуулийн хөгжлийн номлол, үзэл баримтлал, загвар, хөгжлийн динамик зүй тогтол, тооны болон чанарын шалгуур үзүүлэлт боловсруулан туршин хэрэгжүүлж, үр дүнг бусад сургуульд түгээн дэлгэрүүлэх
  • Монгол дахь боловсролын “сургууль түшиглэсэн өөрчлөлт шинэчлэл”–ийн стратегийн туршлага, сургамжийг баяжуулан хөгжүүлэх

зорилгоор “Хөдөөгийн сургуулийн хөгжил” төслийг боловсруулан Дани улсын ДАНИДА–д танилцуулсан. Өмнөх төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэний ачаар ДАНИДА бидний хүсэлтийг хүлээн авч ДМН-ээр дамжуулан уг төсөлд дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэсэн.

 

“Хөдөөгийн сургуулийн хөгжил” төсөл дээр бид хөдөөгийн 450 сургуулиас “ядуурал, алслагдсан байдал, хөгжих гэсэн хүсэл эрмэлзэл”–ийг нь харгалзан эхний үе шатанд 40–ийг (2000.04.01 – 2005.03.01 хүртэл), хоёр дахь шатанд 40 сургууль нэмж, нийт 80 (2005.03.01 – 2008.10.01 хүртэл) сургуулийг аймаг хотын БСГ-аар нь сонгуулан хамруулж, тэдэнтэй болон БСГ-тай хамтран ажиллаж байна.

 

“Хөдөөгийн сургуулийн хөгжил” төсөл өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой:

  • Сургууль, түүний хөгжлийн талаар өөрийн номлол, үзэл баримтлалтай (“Сургуулийн хөгжил” болон бусад хэсгүүдийг үз).
  • Сургуулийн хөгжлийг “суралцагч” төвтэй, “чанарын шалгуур үзүүлэлт” – энд чиглүүлсэн байдлаар авч үздэг.
  • Төслийг хэрэгжүүлэгч нь 80 сургуулийн хамт олон, орон нутгийн удирдлага, олон нийт, төсөлд хөрөнгийн болон аргазүйн дэмжлэг үзүүлэгч нь ДАНИДА, ДБИС, МУБИС, БДБХДН юм.
  • Сургуульд хэрэгжиж буй төслийн алив үйл ажиллагааг “зардал хуваах” зарчмаар санхүүжүүлдэг.
  • Бусад төсөл, хөтөлбөрүүдтэй хамтран ажиллах боломж нээлттэй.
  • Төсвийн зүйл анги хоорондын шилжилт хөдөлгөөн уян хатан гэх мэт.

Уг төсөл сургуулийн хөгжлийн чанарын шалгуур үзүүлэлтийг тодорхойлогч болох (ард оруулсан “сургуулийн хөгжлийн шалгуур үзүүлэлт” хэсгийг хар) 2 хөгжүүлэх[1], 4 үндсэн[2] зорилттой.

 

Төслийн хөгжүүлэх зорилт:

  • Сургуулийн хөгжил дэх иргэний нийгмийн оролцоог дээшлүүлэх
  • Хөдөөгийн төсөлд хамрагдсан сургуулиудын боловсролын чанарыг сайжруулах.

Төслийн үндсэн зорилт:

  • Төслийн сургууль, орон нутгийн олон нийтийн хамтын ажиллагааг сайжруулах
  • Төсөлд хамрагдсан сум, багийн иргэний нийгмийн чадавхийг бэхжүүлэх
  • Сургуулийн сурах орчинг сайжруулах
  • Ядуурлаас болж сургууль завсардалтыг багасгах.

[1] “Хөгжүүлэх” нь нэг талаас, сургуулийн хөгжлийн үр дүнгийн шалгуур үзүүлэлт, нөгөө талаас хэрхэн түүнийг сайжруулж болохыг хамтран туршин хэрэгжүүлж, буй болсон туршлага сургамжийг бусад сургуульд түгээн дэлгэрүүлнэ, шийдвэр гаргагчидад цаашид гүнзгийрүүлэн тогтворжуулах талаар санал боловсруулж хүргүүлнэ гэдгийг тус тус агуулж байгаа юм.

[2] Үндсэн гэдэг нь сургуулийн хөгжлийн үр дүнгийн шалгуур үзүүлэлтэд ахиц бий болох үйлийн явцын чанар ба боловсролын үйлчилгээний хүртээмжийг тодорхойлох шалгуур үзүүлэлтийн багц гэсэн санааг илэрхийлж буй юм.

Шинэ мэдээ

Орон нутгийн мэдээ