Бага дунд боловсролын хөгжлийг дэмжих нийгэмлэг
  /  ҮЙЛЧИЛГЭЭ  /  Зөвлөмж, мэдээлэл

Хөдөө орон нутаг дахь иргэний нийгмийн хөгжлийг Монголын уламжлалт соёлд тулгуурлан эрчимжүүлэх нь” төсөл

2014 оны жилийн тайлан 

Агуулга

1. Танилцуулга
2. БДБХДН-ийн удирдах зөвлөл, төслийн удирдах багийн түвшинд хийгдсэн ажил

    2.1.        Төслийн нээлтийн бага хурал

    2.2.        Салбаруудаас авсан санал асуулгын дүн, шинжилгээ

    2.3.        Бүсийн сургалт – 2014

    2.4.        БДБХДН-ийн салбаруудын үйл ажиллагааны төлөвлөгөөнд хийсэн

шинжилгээ, дүгнэлт

    2.5.        БДБХДН-ийн бүсийн төв (түшиц) салбар, түүний үйл ажиллагааны чиглэл

    2.6.        Олон нийтэд хүрч ажиллахад гар утас ашиглаж буй байдал

    2.7.        Орон нутгийн зүгээс хамтран оруулсан санхүүжилт

    2.8.        БДБХДН-ийн шинэ цахим хуудас

    2.9.        Орон нутаг дахь төслийн хэрэгжилтийн мониторинг

    2.10.      Үйлийн явцдаа суралцахуй (ҮЯС)

 3.    БДБХДН-ийн орон нутаг дахь салбаруудын үйл ажиллагаа

    3.1.        Салбарын (зохицуулах зөвлөлүүд) үйл ажиллагаа

    3.2.        Мэдээллийн самбар ажиллуулж буй байдал

    3.3.        Сумын иргэд олноор цугларсан үед салбаруудаас зохион байгуулж буй ажлууд

    3.4.        Олон нийтэд хүрч ажиллахад мэдээлэл харилцааны технологийг ашиглаж буй байдал

    3.5.        Монгол түмний уламжлал соёлын өвийг судлан дэлгэрүүлж иргэний нийгмийн хөгжлийг эрчимжүүлэх зорилтын хэрэгжилт

    3.6.        Үйлийн явцдаа суралцахуй (ҮЯС)

    3.7.        Салбарууд хөдөө орон нутаг дахь ТББ-уудтай хамтран ажилласан байдал

    3.8.        Хөрш зэргэлдээх сумдадаа ажилласан байдал

    3.9.        Түшиц салбарын үйл ажиллагаа

4.    Цаашид анхаарах асуудал

5.    Салбаруудад тохиолдож буй бэрхшээл, түүнийг даван туулах арга зам

6.    Хавсралтууд

 

Товчилсон үг

БХОУХН – Боловсрол Хөгжлийн төлөөх Олон Улсын Хамтын Нийгэмлэг

ТББ – Төрийн бус байгууллага

ЗЗ – Зохицуулах Зөвлөл

ҮЯС – Үйлийн Явцдаа Суралцахуй

ХСХ – Хөдөөгийн Сургуулийн Хөгжил 

 Танилцуулга

“Хөдөө орон нутаг дахь иргэний нийгмийн хөгжлийг Монголын уламжлалт соёлд тулгуурлан эрчимжүүлэх нь” төсөл нь 2014 оны 4-р сараас 2016 оны 11-р сар хүртэл 32 сарын туршид хэрэгжих юм. Уг төсөл нь Данийн Иргэний Нийгмийн Сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр 2012-2013 онд хэрэгжсэн “Хөдөө орон нутаг дахь иргэний нийгмийн байгууллагын чадамжийг дээшлүүлэх” төслийн үргэлжлэл болно. Эдгээр төслүүдийг Монголын БДБХДН болон Данийн Боловсрол Хөгжлийн төлөөх Олон улсын Хамтын Нийгэмлэг ( БХОУХН)  хамтран хэрэгжүүлсэн, хэрэгжүүлж байгаа билээ. Төслийн нийт санхүүжилт нь 2,2 сая Дани Крон буюу энэ нь ойролцоогоор 700 сая төгрөг болох ба үүнээс 1,7 сая Дани Кроныг Дани улсын ДАНИДА-гийн Иргэний Нийгмийн Сан гаргаж байгаа юм.

 

Өнөө цагийн хүмүүн төрөлхтний соёл –иргэншлийн хөгжлийн үндсэн чиг хандлага болж байгаа иргэний нийгмийн үзэл санааг нүүдэлч Монголчуудын уламжлалт соёлд түшиглэн, хувирган өөрчилж, нутагшуулах ажлыг хөдөө орон нутгаас эхлэн, тухайлбал, БДБХДН-ийн орон нутаг дахь салбаруудаа түшиглэн туршиж, хэрэгжүүлэхийг зориж байгаа нь энэхүү төслийн онцлог билээ.

Төслийн хөгжүүлэх ерөнхий зорилтыг тодорхойлбол:

Өөрсдийн амьдарч буй хөдөө орон нутгийнхаа нийгмийн хөгжлийн төлөөх иргэдийн чадамжийг дээшлүүлэх явдал.

Үүний хүрээнд төслийн эцэст дараах  ойрын зорилтуудад хүрсэн байхаар тодорхойлсон болно:

  1. БДБХДН-ийн орон нутаг дахь салбарууд нь өөрсдийн орон нутгийнхаа  иргэний нийгмийг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулах чадамжтай болсон байх. (иргэдийг мэдээллээр хангах, тухайн чиглэлээр мөрдөгдөж байгаа хууль дүрэм болон нийгэм эдийн засгийн хөшүүргүүдийг ашиглах гэх мэт)
  2. БДБХДН-ийн салбар бүр сургууль түшиглэсэн мэргэжлийн хөгжил, сургууль – олон нийтийн хамтын ажиллагааг дэмжих талаар бий болсон туршлага, сургамжаа тогтворжуулах, хөгжүүлэхэд тодорхой ахиц дэвшил гаргасан байх.
  3. БДБХДН-ийн орон нутаг дахь салбар бүр өөр өөрийн ахуй нөхцөлд суурилан иргэний нийгмийн болон сургуулийг хөгжүүлэх шинэ хандлага, түүний хүрээн дэх ололт амжилтыг  хөрш зэргэлдээх 100 сум / орон нутгийн олон нийттэй санал бодлоо солилцон, тэдний хүртээл болгохын зэрэгцээ хөдөө орон нутгийн ТББ-ын сүлжээний эхлэлийг тавьсан байх.

Бид өнөөгийн  Монгол орны “улс төрийн нийгэм”-ийг  “иргэний нийгэм” болгон өөрчлөн хувиргахад бага ч атугай ДЭМ болох үүднээс хичээн ажиллаж байна. Уг тайлан нь дээрх зорилго зорилтын дагуу БДБХДН-ийн удирдах зөвлөл, түүний орон нутаг дахь 57 салбаруудын 2014 онд хийж гүйцэтгэсэн ажил, үйл ажиллагаа, цаашдын зорилт, сургамж зэргийг багтаасан болно.

2.    Төслийн удирдах багийн түвшинд хийгдсэн ажил

 

     2.1.        Төслийн нээлтийн бага хурал

Бэлтгэл ажил

БДБХДН болон Данийн БХОУХН-ийн хамтран боловсруулж ДАНИДА-д танилцуулсан төсөл батлагдсан тухай мэдээг 2014 оны 3-р сард хүлээн авсан даруйдаа түүний төслийн нээлтийн бага хурлын урилгыг 57 салбартаа илгээсэн. Мөн төслийн баримт бичгийг орчуулахын хамт орон нутгийн салбаруудыг түшиглэн хүний хүчин зүйлийн хөгжлийг дэмжих сургалтуудын болон бусад хэрэгцээг тодруулах санал асуулга судалгааны арга зүйг боловсруулан салбаруудад хүргүүлэх зэргээр шинэ төслийнхөө нээлтийн бага хуралд бэлтгэсэн. Санал асуулгыг нээлтийн бага хурлын үеэр цуглуулахаар төлөвлөж, зарим үр дүнг семинарын үеэр хэлэлцэхэд ашиглах, улмаар 6-р сарын сүүлч гэхэд бүрэн анализийг хийж дуусгах нь салбаруудын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх цаашдын төлөвлөлтийг зуны бүсийн сургалтаар хэлэлцэх бэлтгэл болж өгсөн.

Төслийн нээлтийн бага хурлын үйл ажиллагаа

Нээлтийн бага хурлыг 2014 оны 4 дүгээр сарын 26,27-нд салбар бүрээс 2 хүнийг урин Улаанбаатарт зохион байгууллаа. Хуралд нийт 50 салбараас 99 төлөөлөгч ирж оролцлоо. Бага хурлын хөтөлбөрийг хавсаргав.

Бага хурлын зорилго нь:

  • Шинээр хэрэгжүүлэх төслийн зорилго, зорилт, үйл ажиллагаа, төлөвлөгөөний бүтэцчилсэн хүрээ, үйл ажиллагааны стратеги, зарчим, төслийн хэрэгжилтийг цаашид хамтран санхүүжүүлэх хэрэгцээ шаардлага зэрэг төслийн баримт бичигт тусгагдсан асуудлуудыг нарийвчлан танилцуулах,
  • Төслийн үндсэн ойлголтыг оролцогчдод өгөх лекц, танилцуулга, жишээлбэл,  иргэний нийгмийн талаарх олон улсын түвшний ойлголт, үзэл баримтлал, туршлага, сургамжуудын болон тэдгээрийн талаарх Монголын уламжлалт соёл гэж бид юуг ойлгох вэ, эдгээрийг мэдснийхээ үндсэн дээр, БДБХДН-ийн хөдөө орон нутаг дахь салбарууд хүнээр заалгаж биш, өөрсдөө ажлаа эрчимжүүлэн сайжруулах явцдаа суралцан “Монголын уламжлалт соёлд суурилсан иргэний нийгмийн загварын нэгэн хувилбар“ бүтээх, түүний хүрээний туршлага, сургамжийг бусад ИНБ –уудад түгээх, БДБХДН –ийн болон ИНБ-уудын сүлжээ үүсгэх,  тэгэснээрээ Монголынхоо иргэний нийгмийн хөгжилд тодорхой дэм тус өгөх зэрэг зорилтуудыг үйл хэрэг болгохоор төлөвлөсөн.  Эдгээр зорилго, зорилтыг бид – БХОУХН, БДБХДН, түүний удирдах зөвлөл, хөдөө орон нутаг дахь салбарууд хамтдаа хамтран үйлийн явцдаа суралцах замаар л бүтээх учиртай.
  • Салбар бүр өөрсдийн үйл ажиллагааны төлөвлөгөөний эхлэлийг боловсруулах,
  • Төслийн баримт бичигт тусгагдсаны дагуу “Түшиц салбар”-уудыг тодруулах,
  • 2014 оны зуны бүсийн сургалт зохион байгуулах 5 төвийг сонгох,
  • Салбаруудаас хэрэгцээг тодруулах санал асуулгыг цуглуулах зэрэг зорилтыг амжилттай хэрэгжүүлж ажиллалаа.

Төслийн үйл ажиллагааны ерөнхий төлөвлөгөөг салбаруудад өгсөн. Тэд уг төлөвлөгөө болон семинарын үеэрх танилцуулга лекц, хэлэлцүүлэг дээр үндэслэн боловсруулсан өөрсдийн төлөвлөгөөг салбарын зохицуулах зөвлөлөөр дахин хэлэлцэж сайжруулаад бүсийн сургалтад авчрахаар болсон.

     2.2.        Салбаруудаас авсан санал асуулгын дүн

Төслийн нээлтийн семинарын өмнө санал асуулгын арга зүйг боловсруулж, орон нутаг руу явуулсан. Товлосон хугацаагаар санал асуулга явуулж, дүн материалыг салбаруудаас авч нэгтгэл шинжилгээг хийв. Дэлгэрэнгүйг хавсралтаас үзнэ үү.

     2.3.        Бүсийн сургалт – 2014

Салбар бүрээс зөвхөн 2 хүний төлөөлөл оролцуулан Улаанбаатарт зохион байгуулдаг төвлөрсөн сургалтаас орон нутагт салбар түшиглэн илүү олон хүнийг хамруулан зохион байгуулах боломжтой зуны бүсчилсэн сургалт нь хамрах хүрээ, оролцогчдын санаа бодолд нийцтэйгээрээ илүү ач холбогдолтой болох нь “Хөдөөгийн Сургуулийн Хөгжил” төслийн явцад харагдсан билээ. Иймээс 2014 оны бүсийн сургалтыг:

-       Төвийн бүс: Дорноговь аймгийн Эрдэнэ,

-       Зүүн бүс: Дорнод аймгийн Сэргэлэн,

-       Хангайн бүс: Архангай аймгийн Өндөр-улаан,

-       Говийн бүс: Дундговь аймгийн Гурвансайхан,

-       Баруун бүс: Ховд аймгийн Дуут зэрэг таван суманд төвлөрүүлэн зохион байгуулсан 3 хоногийн бүсийн сургалтад нийт 45 салбарын 231 төлөөлөл оролцов.  Сургалтад оролцож чадаагүй 12 салбар нь янз бүрийн шалтгаантай байлаа. Энэ зун олон сумын 90 жилийн ой давхацсан тул хүмүүс завгүй байсан, зарим нь машин тэрэгний асуудлаас болж бүсийн төв хүрч чадаагүй, бас хоёр ч сум аль ч бүсийн төвийг сонгосон маш хол /800 км/ байсан зэргээс болсон байна.

Таван бүсийн сургалтыг нэг ижил хөтөлбөрөөр зохион байгуулсан ба сургалтад зориулж “Мэдээлэл 2014” гарын авлагыг боловсруулан хэвлүүлж, салбар бүрт 8-10 ном олгосон тул сургалтад оролцогч бүр power point –оор бэлтгэсэн мэдээллийг сонсож хүлээж авахад маш дөхөм байсан биз. Мөн салбарууд өөрсдийн хамтран ажилладаг хөрш зэргэлдээх 2 сумандаа “Мэдээлэл 2014” номноосоо хуваалцан, мэдээлэл дамжуулан солилцож ажиллаж байна.

Энэхүү гарын авлага өөртөө иргэний нийгмийн (ИН -ийн) талаарх ойлголт, онол, үзэл баримтлал, Монгол орны иргэний нийгэм, иргэний нийгмийн байгууллагын (ИНБ -ын) онцлог, төлөвшил, тэдгээрийн талаарх судлаачдын санаа бодлыг болон нэг ертөнцийн хандлага, түүнээс улбаатай иргэний нийгэм, иргэний нийгмийн байгууллагын талаарх ойлголт, тэдгээрийн бүтэц тогтолцоо, мөн чанар, шинж чанар, хувьсал хөдлөл, Монголын уламжлалт соёлд түшиглэсэн ИН –ийн загварын нэгэн хувилбар  дэвшүүлэн хэрэгжүүлэх ажлыг эхлүүлэх санал зэргийг агуулсан болно. Сургалтад оролцогчид гарын авлагын агуулга, арга зүйг өндөр үнэлж, ийм гарын авлагатайгаар сургалт явуулж байхыг санал болгож байв.

Төслийн Монголын болон Данийн талын зохицуулагчид Б.Жадамбаа, Ж.Балтзерсен нарын power point –оор бэлтгэж танилцуулсан буюу “Мэдээлэл 2014” номын агуулга нь:

-       Үйлийн (ажиллах) явцдаа суралцан хөгжихүй (ҮЯСХ

-       Иргэний нийгэм, түүний төлөвшлийн зарим асуудал

-       Үйлийн явцдаа суралцаж хүмүүншихүйн зарим онцлог

-       Монгол уламжлалт соёлд суурилсан иргэний нийгмийн нэгэн загвар, түүнийг хэрэгжүүлэх арга зүй

-       Хөдөө орон нутгийн ИН-ийг Монголын уламжлалт соёлд түшиглэн  ҮЯСХ замаар хөгжүүлэхүй

-       Өөрсдийгөө таниулан ойлгуулах тухай.

Төслийн Данийн талын зохицуулагч Ж.Балтзерсен төслийн нээлтийн бага хурал болон 2 бүсийн сургалтанд оролцож, мэдээлэл танилцуулга хийж, арга зүйн зөвлөгөө өгсөн.

Манай орон нутаг дахь салбарууд 2015 онд Улаанбаатарт зохион байгуулахаар төлөвлөсөн төслийн дунд шатны бага хурлын оронд орон нутагт зуны улиралд бүсийн сургалт хийх нь илүү үр дүнтэй, олон хүн оролцох боломжтой гэсэн санал гаргасныг харгалзан үзэж  2015 оны бүсийн сургалтыг

-       Төвийн бүс: Сэлэнгэ аймгийн Жавхлант,

-       Зүүн бүс: Сүхбаатар аймгийн Асгат,

-       Говийн бүс: Өвөрхангай аймгийн Есөнзүйл

-       Хангайн бүс: Хөвсгөл аймгийн Галт,

-       Баруун бүс: Завхан аймгийн Цагаанчулуут суманд зохион байгуулахаар төлөвлөөд байна.

2012-2013 онд хэрэгжүүлсэн “Хөдөө орон нутаг дахь иргэний нийгмийн байгууллагын чадамжийг дээшлүүлэх” түншлэлийн үйл ажиллагааны үеэр салбарууд үйл ажиллагааны жижиг төсөл бичиж танилцуулсны дотор Дорнод аймгийн Сэргэлэн сумын салбарын “Бидний мөрөөдлийн талбай” /тоглоомын талбай/ нэртэй төслийг бидний хамтран ажилладаг Данийн БХОУХН /CICED-ээс санхүүгийн дэмжлэг үзүүлсэн юм. Энэ ажлын үр дүнг бүсийн сургалт зохион байгуулагч манай нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүд Д.Батсүх, Ц.Бумхорол нар газар дээр нь танилцсан. Тоглоомын талбай нь хүүхэд залуучуудын чөлөөт цагаа тоглож наадаж, саатаж амрах ая тухтай нөхцөл бүрдүүлсэн. Уг төслийн хэрэгжилтэд тухайлбал, тоглоомын талбайн зураг төслөөс эхлээд, талбай өнгө үзэмжтэй сэтгэл татхуйц байх, тайлбай байгуулах, тоглоом хийхэд сумын авьяаслаг залуучууд, уран гартай ахмадуудыг татан оролцуулсан, чухамдаа иргэдийн оролцооны дүнд энэхүү төсөл хэрэгжсэн нь хамгийн олзуурхууштай байсан. /төслийн тайлан, тоглоомын талбайн зургийг хавсаргав/.

     2.4.        БДБХДН-ийн салбаруудын үйл ажиллагааны төлөвлөгөөнд хийсэн

 шинжилгээ, дүгнэлт

 

Байгууллагын дунд хугацааны төлөвлөгөө нь байгууллагын үйл ажиллагааны чиглэл, эцсийн үр дүнгийн эхлэл болдог. Ажлын төлөвлөлтөөс тухайн байгууллагын үйл ажиллагааны цар хүрээ, шийдвэрлэх асуудал, түүнийг хэрэгжүүлэх арга техник, сэтгэлгээний хир хэмжээ зэрэг олон зүйлийг танин мэдэж болдог.

БДБХДН-ээс салбаруудынхаа ажлаа төлөвлөх чадавхийг хөгжүүлэхэд дэм болох зорилгоор удаа дараагийн сургалт, мэдээллийн хэрэгслүүд ашиглан төлөвлөлтийн арга технологийн талаар тодорхой мэдээлэл зөвлөмжүүд хүргэж байлаа.

Нийт 34 салбарын (зохицуулах зөвлөлийн) жилийн ажлын төлөвлөгөөг онлайнаар болон цаасаар авч, бичиг баримтад тулгуурлан төлөвлөлтийн байдалд шинжилгээ хийлээ. Энд гол нь (зорилго) салбарууд ажлын төлөвлөгөөндөө “хөдөө орон нутгийн иргэний нийгмийн хөгжлийг Монголын уламжлалт соёлд тулгуурлан эрчимжүүлэх нь” төслийн ойрын зорилтыг хангах чиглэлээр төлөвлөсөн ажлын агуулга, цар хүрээ, сургалт семинар, уулзалт ярилцлагын явцад яригдсан ажил асуудлын хэрэгжилтийг зохион байгуулах чиглэл, стратеги, зөвлөмжүүдийг төлөвлөлтөндөө хэрхэн тусгасан, хир зэрэг ач холбогдол өгч байгааг олж мэдэхийг зорисон болно. Юуны өмнө (эхлээд) салбарын зохицуулах зөвлөлийн төлөвлөгөөнөөс “орон нутаг дахь иргэний нийгмийн хөгжлийг монгол уламжлал соёлд тулгуурлан эрчимжүүлэх нь” төслийн ойрын зорилтууд (3-н зорилт) -ыг хэрэгжүүлэх хүрээнд төлөвлөсөн ажлын агуулга, үйл ажиллагааны чиглэлийг авч үзэв. Энэ чиглэлээр салбарууд ямар агуулга, арга хэлбэр бүхий ажлууд төлөвлөснийг зорилт бүрээр тоймлон харуулж, төлөвлөлтөд цаашид юунд анхаарах талаар зөвлөмжилсөн. Зөвлөмжийг бүтнээр нь хавсралтаас үзнэ үү.

     2.5.        БДБХДН-ийн бүсийн төв (түшиц) салбар, түүний үйл ажиллагааны чиглэл

Бүсийн төв (түшиц) салбарын зорилго нь орон нутаг дахь салбаруудын үйл ажиллагааг нэгтгэн зохицуулж хүртээмжтэй, үр нөлөөтэй болгох, бүсийнхээ салбаруудын Иргэний Нийгмийн Байгууллагын чадамжийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, бүсийн салбаруудын ИНБ-ын чадамжид гарч буй ахиц дэвшлийг шинжлэн үнэлж туршлага, сургамжийг бусдад түгээх, нийгэмлэгээс хэрэгжүүлж байгаа хөтөлбөр төслүүдийн явцыг эрчимжүүлэхэд оршино. БДБХДН-ийн бүсийн төв (түшиц) салбарууд:

  1. Ховд, Дуут сумын салбар                                
  2. Завхан, Цагаанчулуут сумын салбар               
  3. Архангай, Өндөр-улаан сумын салбар                        
  4. Хөвсгөл, Галт сумын салбар                          
  5. Өвөрхангай, Есөнзүйл сумын салбар              
  6. Сэлэнгэ, Орхонтуул сумын салбар                  
  7. Дундговь, Гурвансайхан сумын салбар          
  8. Дорноговь, Эрдэнэ сумын салбар                   
  9. Дорнод, Сэргэлэн сумын салбар                   
  10. Сүхбаатар, Асгат сумын салбар                      

Бүсийн төв (түшиц) салбарын үйл ажиллагааны чиглэл:

  • Бүсийн болон аймгийнхаа салбар зөвлөлүүдтэй хамтран ажиллах чиглэлийг жил жилд төлөвлөн хэрэгжүүлэх,
  • Бүсийн төвлөрсөн арга хэмжээ, зуны сургалтуудыг зохион байгуулах,
  • Үйлийн явцдаа сурч хөгжих үзэл санаа, арга зүйг зөвхөн сургууль багш нарын үйл ажиллагаанд төдийгүй бүх байгууллага бүсийн хэмжээнд хэрэгжүүлэхэд санаачилга гарган манлайлж ажиллах.
  • Орон нутгийн хөгжилд иргэний оролцоог нэмэгдүүлэх хамтын ажиллагааг өрнүүлэх ажлын арга хэлбэрийг улам боловсронгуй болгон иргэний нийгэм, улс төрийн идэвхийг сэргээхэд чиглэсэн үйл ажиллагааг тасралтгүй хийж байх.
  • Бүсийн хийгээд аймгийн салбаруудын зох/ зөв-ийн уулзалт зөвлөгөөн зохион бай-х.
  • Бүс, орон нутгийн хэмжээнд ТББ-уудын сүлжээ тогтоон иргэний нийгмийн чадамжийг дээшлүүлэх идэвхтэй үйл ажиллагаа явуулах.
  • Орон нутагт ТББ-уудын нэгдсэн сургалт сурталчилгааны өдөртэй болох.
  • Үйл ажиллагаагаа сум, орон нутгийн иргэний танхимтай нягт холбон ажиллах.
  • Бүсийн салбар зөвлөлүүдтэйгээ хамтран хөдөө орон нутаг дахь иргэний нийгмийн чадавхийн байдалд шинжилгээ хийн санал бодлоо солилцон ажиллах чиглэлээ шинэчлэн тогтоож байх.
  • Монгол түмний хүмүүнийг төлөвшүүлэх, хөгжүүлэх түүхэн соёл уламжлалыг судлан дэлгэрүүлж, үүнд тулгуурлан орон нутагт иргэний нийгмийн чадамжийг дээшлүүлэхэд санаачилгатай, манлайлж ажиллах, энэ талын санаачилгыг дэмжих.
  • Интернетийн сүлжээ, гар утасны технологийг ашиглан орон нутаг бүсийн хэмжээнд мэдээлэл солилцох ажлыг зохицуулах, үр дүнд хүргэх.

 

     2.6.        Олон нийтэд хүрч ажиллахад  гар утсыг ашиглаж буй байдал

Мэдээллийн болон хурал зөвлөгөөний урилга гэх мэт. бусад зүйлсийг олон нийтэд хүргэх түгээх зэрэгт шинэ арга зам, жишээлбэл гар утасны сүлжээ болон бусад техник технологийг ашиглах асуудлыг туршиж үзнэ гэж үйл ажиллагааныхаа төлөвлөгөөнд оруулсан байгаа. Ингэхдээ мөн л ҮЯС –г иргэний нийгмийг хөгжүүлэхүйд хувирган хэрэглэхээр тодорхойлсон. Графикийн дагуу энэ талын тайланг салбарууд тусгайд нь 2015 оны 4-р сард ирүүлэхээр тогтсон байгаа. Харин төслөөс дэмжлэг болгож түшиц 10 салбартаа гар утас, шинэ дугаар (нийт 1.608.000 төгрөг), салбаруудад гар утасны нэгжний (нийт 1.850.000 төгрөг) дэмжлэг үзүүлсэн болно. Хэрэгжилтийг уг тайлангийн “Орон нутаг дахь салбаруудын үйл ажиллагаа” хэсгийн 3.4. –өөс үзнэ үү.

     2.7.        Орон нутгийн зүгээс хамтран оруулсан санхүүжилт

Уг төслийн санхүүжилт нь Данийн Иргэний Нийгмийн Сангаар дамжуулан Данийн засгийн газраас олгосон санхүүгийн дэмжлэгт суурилан  Монголын талын /орон нутгийн/ тодорхой хэмжээний санхүүжилтээс бүрдэж байгаа билээ. Цаашдын зорилго орон нутаг иргэний нийгмийн үйл ажиллагаагаа гадны тусламж дэмжлэг харалгүйгээр өөрсдөө бие даан шийдвэрлэх чадавхийг бүрдүүлэх явдал билээ. Энэ үүднээс манай орон нутаг дахь салбар санхүүжилтийн эх үүсвэрээ дараах байдлаар бүрдүүлж үйл ажиллагаагаа тэтгэж байна.

  • ХСХ төслийн төгсгөлд салбарынхаа чадавхийг бэхжүүлэх санхүүгийн үүсвэр бий болгох зорилгоор олгосон жижиг төслийн санхүүжилтийн үр дүнд бий болгосон аж ахуй, үйлчилгээний орлого,
  • Аж ахуйн нэгж, хувиараа үйлдвэрлэл үйлчилгээ явуулдаг иргэдийн дэмжлэг туслалцаа,
  • Гишүүд, дэмжигчдийн хандив оролцооны орлого,
  • Төсвийн болон бусад байгууллагатай гэрээ хийж ажил гүйцэтгэсний ажлын хөлс зэргээс санхүүжилтээ бий болгож байна.

Энд бас шууд мөнгөөр бус биет байдлаар орж ирдэг зүйл ч байна. Бензин шатахуун, шагнал урамшлын биет зүйл, бичиг хэргийн материал хэрэгсэл, мал гэх мэт. Санхүүжилтийн энэ чиглэлүүд ашиглан санхүүгийн эх үүсвэрээ бүрдүүлэр чадвар дээшилж шинэ шинэ боломж, нөөц илрүүлэн ашиглах эрэл хайлт, санаачлага өрнөж байна. Иргэний дэмжлэг санаачлага нэмэгдэж байна. Сумдын хувиараа аж ахуй эрхлэгч, аж ахуйн нэгжүүд суманд зохион байгуулагдаж байгаа арга хэмжээнүүдийн урамшил шагнал, шоу цэнгээнүүдийг санхүүжүүлж, ЗДТГ-аас, салбарын үйл ажиллагаа төслийн хэрэгжилтэнд машин тэрэг, шатахууны дэмжлэг үзүүлж, төслийн хэрэгжилтийн бүхий л ажилд оролцогч ИНБ-ууд дор бүрнээ санхүүгийн эх үүсвэр бүрдүүлж иргэний нийгмийн йүл ажиллагаанд оролцож байна. Энэ бүхнийг нэг бүрчлэн тооцож нэгтгэж үзэх юм бол чамгүй их зардал болно. Тийм тооцоо баримжаа ч бидэнд байна. Салбарууд иргэд ийм тооцоог баримтжуулж ирүүлээгүй байгаа нь тусын хариуг нэхдэггүй монгол зан, хир баргийн зарлагыг тооцож үздэггүй хэнэггүй байдал ч нөлөөлж байгаа бололтой. Гэхдээ зарим нэг салбарын тодорхой чиглэлд гаргасан зардлын баримтыг тооцож үзсэн болно.

Санхүүгийн чадвар олигтой дээшлээгүй өнөөгийн нөхцөлд үнэндээ ИНБ-ыг дэмжигч, орон нутгийнхаа хөгжилд санаа тавьдаг иргэд, ТББ – үйл ажиллагаанд идэвхтэй оролцож олон нийтийн санаа бодлыг хэрэгжүүлэхийн төлөө хичээл зүтгэл гаргаж тууштай ажилладаг хүмүүс зөв сайн үйлсийн төлөө бүх бололцоогоо дайчлан “илүүчилж” байгаа нь санхүүгийн хүчтэй дэмжлэг болж байна.

Хүмүүс БДБХДН, төслийн санхүүжилтэд янз бүрийн хэлбэрээр оролцож байна. Тухайлбал, иргэний хөгжилд тус дэм болох ном /С.Дүнчээ. Хоол хүнс, эрүүл мэнд, аз жаргал/ бичиж нийгэмлэгт хандивлах, спортын хувцас /МУБИС/ зэрэг зүйлийг нийлүүлэх дэмжлэг үзүүлж байна. Өөрөөр хэлбэл хэн юутай вэ, түүгээрээ дэмжиж байна. Бүсийн төвийн сургуулиуд зуны сургалтанд хүүхдийн амралтын үетэй таарч байгаа болохоор сурагчдын дотуур байранд маш хөнгөлөлттэй нөхцлөөр сургалтанд оролцогчдыг байрлуулж, багш ажилчид нь амралтаа хугаслан цалин хөлсгүй үйлчилж байгаа нь чин сэтгэлийн дэмжлэг, иргэний оролцоо, хамтын ажиллагааны оролцоо гэхээс өөрцгүй.

     2.8.        БДБХДН-ийн шинэ цахим хуудас

БДБХДН, салбарууд хамтдаа хамтран суралцах, төсөлтэй холбоотой мэдээ мэдээллийг түгээх, мэдээлэл солилцох, орон нутгийн салбарууд өөрсдийн бүтээсэн шинэ мэдлэг туршлагаа өөр хоорондоо түвэггүй хуваалцах зорилготой mapssd.mn домайн нэртэй вебсайтыг шинээр хийж турших, ажиллуулах эхлэл тавигдсан болно.

 Цахим хуудсанд тавигдах мэдээллийг боловсруулах, сонгон байршуулах ажлыг гүйцэтгэж байна.

2.9.        Орон нутаг дахь төслийн хэрэгжилтийн мониторинг

БДБХДН-ийн удирдах зөвлөлийн гишүүд болон төслийн Данийн талын зохицуулагч Ж.Балтзерсен нар бүсийн сургалтын төв болох 5 газарт ажилласнаас гадна 10,11-р сард төслийн удирдах багийнхан Сүхбаатар аймгийн Халзан, Асгат болон Төв аймгийн Баянцагаан зэрэг сумдад ажиллалаа. Эдгээр сумдад ажиллахдаа салбарын зохицуулах зөвлөлийн гишүүд, багш нарт, мөн эцэг эх, олон нийтийн төлөөллийг цуглуулан тус тусад нь мэдээлэл хийлээ.

Төслийн удирдах багийнхан орон нутаг дахь салбаруудад ажиллах гол зорилго нь төслийн үндсэн зорилтуудын хэрэгжилтийн байдал, зохицуулах зөвлөлийн үйл ажиллагаа, үр дүнгийн байдалд тандалт, ажиглалат, судалгаа хийх, салбарын зохицуулах зөвлөлийн гишүүдэд зөвлөгөө өгөх, суман дахь ТББ-уудын дарга, тэргүүлэгчтэй уулзалт хийж иргэний нийгмийн байгууллагууд хамтран ажилласан байдалтай танилцаж санал бодлоо солилцох, хөдөлмөрчид иргэдийн төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж, иргэний нийгэм, төслийн зорилго зорилтын тухай таниулах чиглэлтэй байлаа.

Сүхбаатар аймгийн Халзан, Асгат сумын салбаруудын зохицуулах зөвлөлүүд төслийн баримт бичгийн хүрээнд тодорхой ажлууд хийсэн, сумдынхаа ТББ-уудтай хамтарч ажиллахад санаачлага гаргаж ажилласан тухай баримт түшиж танилцуулж байлаа. Эдгээр салбаруудын зохицуулах зөвлөлийн гишүүд ажлаа сайн мэддэг, санаачлагатай хүмүүс болох нь харагдаж байв. Харин Баянцагаан сумын салбар харьцангуй сайн ажиллах шаардлагатай нь ажиглагдаж зохих зөвлөгөө гөсөн.

     2.10.      Үйлийн явцдаа суралцахуй ҮЯС

Энэ арга зүйг хэрэгжүүлсэн үр дүн нь бидний  “Хөдөөгийн Сургуулийн Хөгжил” төслийн тогтворшуулах, түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааны нэг болсон бөгөөд харин энэ төслийн хэрэгжилтийн явцад ҮЯС-г иргэний нийгмийг хөгжүүлэхүйд хувирган хэрэглэх чиглэлд онцгой анхаарал хандуулан ажиллаж байгаа билээ. Харин төслийн зохицуулагчид академич Б.Жадамбаа, доктор Ж.Балтзерсен нар ҮЯС-г “Үйлийн (ажиллах) явцдаа суралцан хөгжихүй (ҮЯСХ)” гэж томьёолон энэ талаарх онол, ойлголт, арга зүй, онцлог, жишээ бүхий мэдээллийг “Мэдээлэл 2014” номондоо тайлбарласныг манай салбарын гишүүд судлан өөрсдийн үйл ажиллагаандаа гарын авлага болгон хэрэглэж байгаа юм.

ҮЯСХ-н онцлог:

  • Өөрчлөн хувиргахын төлөө бус өөрчлөн хувирах шинж төрхтэй (шугаман бус)
  • Асуудлаас буюу аливаа зүйлээс тусдаа биш асуудалтайгаа, аливаа зүйлтэйгээ хамтдаа өөрчлөгдөн хувирч байдаг
  • Асуудлын, алив зүйлийн өөрийн нь хөгжлийн жам ёс
  • Үр дүнг тогтворшуулах нэмэлт үйл ажиллагаа шаарддаггүй өөрөө тогтворшуулахуйг агуулсан байдаг
  • Алив асуудлын, зүйлийн тогтворшилтой хөгжлийн үндсэн аргазүй , арга ажиллагаа, арга зам
  • Тогтворшилтой хөгжлийн бүхий л аргазүйг, тухайлбал, эрэл хайх, асуудал шийдэх ..зэргийг өөртөө агуулсан байдаг

Эдгээр онцлогийг тооцон бид ҮЯСХ –г өөрсдийн төслийг хэрэгжүүлэх аргазүй  болгон сонгон авсан.

Монгол уламжлалт соёлд түшиглэсэн ИН-ийн хөгжлийн нэгэн хувилбарыг бүтээх аргазүй бол үйлийн явцдаа хамтдаа хамтран суралцаж хөгжихүй (ҮЯСХ).

Үйлийн явцдаа суралцаж хөгжин  Монгол уламжлалт соёлд суурилсан ИН-ийн хөгжлийн нэгэн хувилбар бүтээх аргазүй нь:

  • Салбарынхаа зохион байгуулсан ажил бүрийнхээ үр дүнг ажиглах
  • Хамтдаа хамтран хэлэлцэх–эргэцүүлэх
  • Юу хийж үзэхээ тодруулах – үйл сонгох
  • Яаж хийхээ тодотгох – үйлийг төлөвлөх
  • Төлөвлөгөөг хэрэгжүүлэх – үйлдэх
  • Үйлдэхүйн үр  -үр дүн (ЭХЛЭЛИЙН ЦЭГ

 ҮЯС арга зүйн хэрэгжилтийн талаар тайлангийн “орон нутаг дахь салбаруудын үйл ажиллагаа” хэсгийн 3.6. - аас үзнэ үү.

3.    БДБХДН-ийн орон нутаг дахь салбаруудын төслийн хэрэгжилтэд чиглэсэн үйл ажиллагаа

Нийгэмлэгийн салбаруудын үйл ажиллагааны явц, үр дүнгийн тайланг бүсийн сургалтын үеэр салбарууд хийж байгаа ажил үйлчилгээнийхээ талаар танилцуулсан танилцуулга, салбаруудын ажлын тухай жилийн эцсийн тайлан, цөөн тооны салбаруудад нийгэмлэгийн удирдах багийнхан очиж ажилласан ажлын мэдээлэл, хүмүүстэй уулзаж ярилцсан материал зэрэгт тулгуурлан илэрхийлэхийг хичээв.

Салбарууд, түүний зохицуулах зөвлөлүүдийн ажлыг нэгтгэн тайлагнахад нэлээд /ярвигтай/ төвөгтэй байсныг дурдахаас өөрцгүй. Энэ нь салбаруудаас хэрэгжүүлж зохион байгуулсан ажлууд нь баялаг агуулга, хэлбэртэй нэгбүрчлэн тоочих боломжгүй маш их зүйлийг илтгэх хэрэгтэй болж, цаг хугацаа их зарцуулах, үйл ажиллагааг нэгтгэн үзүүлэх боломжийг хүндрүүлж байсныг хэлж байгаа юм. Гэхдээ салбаруудын үйл ажиллагааг төслийн үндсэн зорилтыг хэрэгжүүлэх, салбарын чадавхийг бэхжүүлэх, өөрийгөө /салбараа/ олон нийтэд таниулах иргэний нийгмийн чадамжийг бэхжүүлэхэд харгалзуулан тоймлон авч танилцуулахыг зорилгоо болгов.

     3.1.        Салбарын (зохицуулах зөвлөлүүд) үйл ажиллагаа

Төслийн хэрэгжилтийн явцад салбаруудын чадавх ихээхэн сайжирч байна. Тусгай зорилт төсөл  хэрэгжүүлэх нь ТББ-ын үйл ажиллагааг тодорхой чигт хандуулан, ТББ байгууллагын хүч нөөцийг дайчлан гишүүд дэмжигчдийг хөдөлгөөнд оруулж, хамтран ажиллах хүчин чармайлтыг нэмэгдүүлдэг нь харагдаж байна.

Энэхүү төсөл нь хөдөө орон нутаг дахь салбаруудын чадавх дээшлэхэд бодитой нөлөөлж байна. Төслийн зорилго зорилт нь иргэн, иргэний нийгмийн чадавхийг дэмжиж, орон нутгийг хөгжүүлэхэд чиглэгдэж буй нь иргэд, олон нийтэд таалагдаж манай орон нутгийн салбаруудын нэр хүнд дээшлэхэд ач холбогдлоо өгч байна.

Салбарууд, салбарынхаа чадавхийг дээшлүүлэхийн тулд зохицуулах зөвлөлийн гишүүдийнхээ чадварыг дээшлүүлэх, үйл ажиллагааныхаа чанар үр өгөөжийг нэмэгдүүлэх үйлийн явцдаа дүгнэлт хийж үйл, ажлаа төгөлдөржүүлэх, салбарынхаа манлайллыг дээшлүүлэх, гишүүн дэмжигчдийн хүрээгээ тэлэх, өөрийгөө таниулах өргөн хүрээтэй ажил зохион байгуулжээ.

Салбарууд юуны өмнө зохицуулах зөвлөлийн гишүүдийнхээ чадавхийг дээшлүүлэх, ажиллах хүсэл сонирхлыг нь өрнүүлэхэд анхаарчээ. Нэлээд салбарын зохицуулах зөвлөлийн гишүүн бүр салбарынхаа өмнө тодорхой чиглэлийн ажлыг хариуцан ажиллаж, ажлын арга барил эзэмшиж, туршлага хуримтлуулж байна. ЗЗ-ийн гишүүн энэ хариуцсан ажлынхаа чиглэлээр бусад гишүүдээ мэдээллээр хангахын зэрэгцээ үзүүлэх ажлуудыг зохион байгуулдаг болжээ.

ЗЗ-ийн дарга нар ЗЗ-ийн гишүүдийнхээ ажил мэргэжлийн нь хөгжилд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор ажилладаг байгууллагынх нь удирдлагатай нь тохиролцох мэргэжлийнх нь дагуу болон төр олон нийтийн байгууллагаас зохион байгуулж байгаа сургалт,

6. Хавсралтууд

  1. Төслийн баримт бичиг
  2. Нээлтийн бага хурлын хөтөлбөр
  3. БДБХДН-ийн салбаруудын үйл ажиллагааны төлөвлөгөөнд хийсэн

 шинжилгээ, дүгнэлт

  1. Салбаруудаас авсан санал асуулгын хуудас
  2. Салбаруудаас авсан санал асуулгын нэгтгэл, шинжилгээ, үр дүн
  3. “Мэдээлэл 2014” гарын авлага, лекцүүд
  4. Орон нутаг дахь салбаруудын 2014 оны төлөвлөгөө, тайлангууд
  5. Төслийн аудитчилагдсан санхүүгийн тайлан


Шинэ мэдээ

Орон нутгийн мэдээ