Бага дунд боловсролын хөгжлийг дэмжих нийгэмлэг
  /  БИДНИЙ ТУХАЙ  /  Орон нутаг дахь үйл ажиллагааны тухай

Бид хөдөөг зорив. Булган аймгийн төв, Булганы Хангал суманд хүрэх аж. БДБХДН-ийн тэргүүн, нийгэмлэгээс хэрэгжүүлж байгаа “Хөдөө орон нутгийн иргэний нийгмийн чадавхийг Монголын уламжлалт соёлд тулгуурлан эрчимжүүлэх нь” төслийн зохицуулагч, Академич Б.Жадамбаа, БДБХДН-ийн гүйцэтгэх захирал Ч.Алтанзул тэргүүтэй ажлын баг 5-р сарын 3-6-ны өдрүүдэд хөдөө орон нутагт ажиллав.

Тэд БДБХДН-ийн Булган аймгийн төв болон Хангал сум дахь салбарууд, түүний зохицуулах зөвлөлийн ажилтай танилцаж, иргэд хөдөлмөрчид, багш нартай уулзалт хийж өргөн хүрээнд ажиллажээ. Булган сум дахь салбарын зохицуулах зөвлөлийн дарга Ц.Уранцэцэг зөвлөлийн гишүүдийнхээ хамт БДБХДН-ийн удирдлагад салбарынхаа ажил үйлс, салбарын чадавх дээшилж байгаа, “хөдөө орон нутгийн иргэний нийгмийн чадавхийг Монгол уламжлал соёлд тулгуурлан эрчимжүүлэх” төслийн хүрээнд хийж байгаа ажил, ололт үр дүн, бас тохиолдож байгаа бэрхшээл, түүнийг даван туулах талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм. Тэд /салбарын зохицуулах зөвлөл/ бага дунд боловсролыг дэмжих зорилгын хүрээнд багшийн хөгжлийг дэмжих, сургууль багш нарын өмнө тулгарч байгаа шинэ зорилтуудыг хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлэх, сургуулийн хөгжилд иргэд эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэхэд илүү анхаарч үйл ажиллагаа явуулж буй нь илүүтэй анзаарагдаж байлаа.

Мөн багш мэргэжлийн хөгжилд үйлийн явцдаа хамтдаа хөгжих арга технологийг сургууль багш нарын үйл ажиллагаанд тасралтгүй нэвтрүүлэхэд санаачлагатай ажиллаж тодорхой сумдыг сонгон түгээн дэлгэрүүлэхийг зорьсон нь нийгэмлэгийн удирдах багийнханд аятай сэтгэгдэл төрүүлж байв. Мөн тус салбарынхан үйлийн явцдаа сурч хөгжих арга технологийг сургуулийн хүрээнээс гаргаж бусад байгууллага иргэдийн хөгжилд ашиглахад анхаарч тодорхой ажил арга хэмжээг эхлүүлж байгаа аж. Тус салбарынхан ТББ-уудтай хамтран иргэний хөгжил, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд багачуудын талаар хамтран ажиллаж үр дүнд хүрч байгаагаа баримт түшин танилцуулж байлаа.

Энд Монгол Улсын Гавьяат багш Ш.Шийтэрийн удирдсан ахмад багш нарын холбоо их үр дүнтэй ажиллаж байгааг ахмад багш нарын холбооны танхимтай танилцаж, Шийтэр багштай ярилцах явцад мэдрэгдэж байлаа. Хийж бүтээснээрээ бахархах үйл арвинтай, эрдэнэт хүний энэ амьдралаа багшийн үйлсэд зориулсан, эдүгээ ч эрч хүч хэвээрээ, хувийн болон ахмад багш нарын сурган хүмүүжүүлэх туршлага, өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, энэ цагийн боловсролын бодлого шинэчлэлийг сурган хүмүүжүүлэх уламжлалт соёлтой эвцэлдүүлэх зорилго тавин аймгийнхаа ахмад багш нартайгаа хамтран зүтгэж байгаа МУГБ  Ш.Шийтэр танд үнэхээр их талархаж байна. Ёстой л “ясны” багш хүн гэж энэ. Тэтгэвэрт гармагц л мэргэжлийн бүх юмаа хааж, сэтгэл амар болдог хүмүүс олон байдаг. Энэ бол бас л харамсалтай зүйлийн нэг мөн. Боловсролын өв соёлын нэг “эс” хаагдаж байна л гэсэн үг. За, өөрийн эрхгүй жаахан илүү зүйл өгүүлчихлээ. Одоо ажлаа үргэлжлүүлье.

Булган сумын салбарын ажилтай танилцсаны дараа нийгэмлэгийн удирдлагууд зохицуулах зөвлөлийн ажлын төлөвлөгөө, жилийн тайлан, тэдний мэдээлэл таницуулгыг түшиглэн халуун дотно ярилцлага өрнүүлэн академич Б.Жадамбаа БДБХДН-ийн зорилго, үйл ажиллагаа, хөдөө орон нутагт иргэний нийгмийн чадавхийг Монгол уламжлалт соёлд тулгуурлан эрчижүүлэх нь арга тактикийн талаар сонирхолтой мэдээлэл хийж зөвлөгөө өгсөн бол Ч.Алтанзул салбарын зохицуулах зөвлөлийн чадавхийг дээшлүүлэх арга зүй, туршлага сургамжаас таниулж, цаашид ажиллах чиглэлийн талаар тодорхой зөвлөмж зөвлөгөө өгсөн юм.

Орой нь салбарын зохицуулах зөвлөлийнхөн ажлын багийнхныг Бунхант толгой дээр гаргаж Булган хотоо танилцуулсны дээр хамгийн гол нь Булган сумын иргэд амьжиргаагаа дээшлүүлэх, сумын хөгжилд тус нэмэр болохоор мэрийж байгааг орон сууцаа барьж, хувиараа газар тариалан эрхэлж, орчноо тохижуулж байгаа харуулж, энэ бол иргэдийн оролцоо идэвхжиж, иргэний нийгмийн чадавх дээшилж байгаагийн илрэл гэж байлаа.

.  .  .  Хангал суманд очих өдөр хаврын тэнгэр ёстой өнгө аясаа үзүүлж хувисганаж байлаа. Хангал суманд очмогц биднийг сумын БДБХДН-ийн салбарынхан хүлээн авч шууд сумын засаг дарга  М.Төмөрбаттай уулзуулав. Засаг дарга манай нийгэмлэгийн тухай сайн мэддэг, салбарыг Ш.Алтанчимэг удирдаж сайн ажилладаг, бид санаа нэгдэн хамтарч ажиллаж байгаа гэж урам сэргээв. Засаг дарга цааш нь өнөөдөр манай сумын хүүхдийн чуулган болж байгаа та бүхэн орж сонирхоно уу гээд биднийг жинхэнэ зорисон хүссэн ажилд минь шууд оруулав. Сумын ЗДТГ, БДБХДН-ийн салбар, ТББ-ууд хамтран “Бидний оролцоо хөгжих боломж” хүүхдийн өдөрлөг зохион байгуулагдаж байна. Энд хүүхдийн хөгжилд иргэд, ТББ-ууд бүгд идэвхтэй оролцож хүүхдүүдээ баярлуулж байна. Хүүхдүүд баярлаж баясаж бас нулимс унагаж байна. Ажил хүүхдийн сэтгэлд хүрч байгаа нь энэ. Үүнийг бид төрөлх нутгийнхаа ирээдүйн хөгжлийн түүчээ хүүхдийн төлөө энэ сумынхан нэгджээ гэж харж байлаа. Бид ч бас тэдэнтэй нэгдэж сэтгэл уясч байв.

Хүүхдүүд “хэрвээ би засаг дарга байсан бол” зохион бичлэгээ уншиж уралдаанд оролцогчид өдөрлөгөөс уриалга гаргав. Академич Б.Жадамбаа хүүхдийн зохион бичлэг, уриалгын хувийг өгөхийг хүсч ихэд олзуурхан аяны богцоо зузаатгав. Ингэж Хангал суманд ажиллах бидний ажил эхэлсэн юм. Өдөрлөгийн дараа ажлын багийнхан сумын иргэдтэй уулзав. Уулзалтад сумын төвийн 80 шахам иргэд оролцов. Иргэдэд БДБХДН-ийн тэргүүн академич Б.Жадамбаа нийгэмлэгийнхээ ажил үйлийг танилцуулж, орон нутгийн хөгжилд иргэн бүрийн оролцоо идэвх санаачилга чухал, энэ нутагт энэ суманд энэ сумын иргэд л хөгжил авчирна, үүнийг та бүхэн бараг л мэдэрчихсэн байна гээд богино хугацаанд сонирхолтой мэдээлэл хийснийг иргэд талархан хүлээж авсан юм. Дараа нь салбарын зохицуулах зөвлөл, багш нартай уулзав. Энд академич Б.Жадамбаа нийгэмлэгийн сүүлийн жилүүдийн ажлаас танилцуулж, та бүхэн биднийг байнга дэмжиж байдагт талархдаг шүү гээд “Багшлахуйн нууц” гэсэн сэтгэл татсан лекц уншив. Төгсгөлд нь нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Ч.Алтанзул зохицуулах зөвлөлийнхээ ажилтай танилцаж, 2 цаг шахам яриа хөөрөө өрнүүлж, зөвлөмж зөвлөгөөгөө өгөв.  

Ярилцлагын явцад зохицуулах зөвлөлийн гишүүд, багш нар олон зүйлийг ярьж ярилцаж байсны дотор зуны сургалтын дараа орон нутагтаа сургалт явуулсан тухай, үйлийн явцдаа суралцахуйг хэрхэн ойлгож, яаж хэрэгжүүлж, юунд анхаарч байгаа талаар зарим багш нар сонирхолтой, хөгжилтэй яриа ч өрнүүлж байлаа.

Сургуулийн залуухан захирал Б.Шинэбаярын хамт олныхоо хөгжилд, дотно харилцаа хамтын ажиллагаанд анхаардаг нь ихэд таалагдсаныг дурьдалгүй өнгөрч болохгүй нь. Ер нь ажилд үнэнч, хийе бүтээе гэсэн эрмэлзэлтэй, тэр тусмаа сурган хүмүүжүүлэх үйл ажиллагааны соёлтой, цаг үеийн өндөр мэдрэмжтэй ийм захиралтай тааралдаагүй их удсан байна шүү.

Салбарын зохицуулах зөвлөлийн дарга Ш.Алтанчимэг “Хөдөөгийн сургуулийн хөгжил” төслийн ололтыг тогтворжуулах, нийгэмлэгийн үйл ажиллагааг өргөтгөхөд бие сэтгэлээ чилээн ажиллаж байгаад бас л талархахаас өөрцгүй. Сэтгэл байвал бидний үйлс өөдөө байна гэж эрхгүй бодогдоно. Тэмдэглэж нэг хэлэх зүйл бол Боловсролын чиглэлтэй үйл ажиллагаа явуулдаг маш олон ТББ байдаг ч үзэгдэх мэдрэгдэх нь ховор байдагт багш олон нийт сэтгэл дундуур байдгаа илэрхийлж байх юм. Тиймээ том нэртэй даржин ажилтай, цаг үеийг дагаж амиа аргацаан өдөр хоногийг өнгөрөөж байгаа сургууль багш нарын төлөө гэх ТББ цөөнгүй байгаатай санал нэг байдгаа дурьдсу. Гэхдээ сэтгэл байвал . . .  гэдэг шиг Ахмад багш нарын холбоо, БДБХДН зэрэг хичээл зүтгэлтэй ажиллаж “амьтайгаа” харуулж байгаа ТББ-ууд байнаа. Та бүхэнд талархаж хичээл зүтгэл тань боловсрол, багшийн хөгжилд бодитой дэмжлэг болно гэдэгт итгэл төгс байна. Сайн үйл бүхэн ирээдүйд хөтөлнө.

 

Аян замын тэмдэглэл тэрэлсэн ахмад багш Д.Батсүх

Шинэ мэдээ

Орон нутгийн мэдээ