Бага дунд боловсролын хөгжлийг дэмжих нийгэмлэг
2016 оны 09 сарын 31 өдөр

Бидний хамтрагч, Германы Бонн Их Сургуулийн профессор Инес Штольпе “Найрамдал” медаль хүртэв

Олон улсын монголч эрдэмтний 11 дүгээр их хурлын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол үндэстний хэл соёл, түүх, сэтгэлгээний онцлог, Монгол Улсын нийгэм, эдийн засаг, гадаад харилцааны салбарыг шинжлэх ухаанд үндэстэй судлан тайлбарлах үйлсэд нөр хичээнгүй зүтгэл гарган ажиллаж байгаа гадаад, дотоодын зарим эрдэмтэн, судлаачдад Төрийн дээд цол, одон, медалиар шагналаа.

Бидэнтэй 10 гаруй жил хамтран ажиллаж байгаа, ХБНГУ-ын иргэн, Олон улсын Монгол судлалын холбооны гишүүн, монголч эрдэмтэн, профессор Инес Штольпе маань Найрамдлын медаль хүртсэн баярт үйл явдал тохиов.

Профессор Инес Штольпе нь бидний 2000 оноос хэрэгжүүлсэн “Хөдөөгийн Сургуулийн Хөгжил” төсөлд бүхлээр нь, мөн түүний хүрээн дэх “Орлого олох төслийн” хэрэгжилтэд хөндлөнгийн експертийн үнэлгээ хийж бидэнд үнэт зөвлөгөө өгч байв. Одоо ч гэсэн бид “Монголын уламжлалт соёлд түшиглэн иргэний нийгмийн хөгжлийг эрчимжүүлэх нь” төслийн үйл ажиллагаанд идэвхтэй хамтран ажилладаг. Мөн монгол судлалын хүрээнд Германы Гумбольдтын Их Сургууль, Боннын Их Сургуулийн монгол судлалын факультетийн оюутнуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр манай нийгэмлэгтэй нягт хамтран ажиллаж байна.

Монгол судлал болон Монголын хөдөөгийн сургуулийн хөгжил, хөдөө орон нутаг дах иргэний нийгмийн хөгжлийг эрчимжүүлэхэд он удаан жил тасралтгүй ажиллаж, өөрийн үнэт хувь хэмрийг оруулж буй Танд Монгол улсын Ерөнхийлөгчөөс “Найрамдал” медаль хүртсэнд халуун баяр хүргэе.

БДБХДН-ийн Удирдах зөвлөл, түүний орон нутаг дах салбарууд

Мэдээний хуудас руу     |     Буцах
Шинэ мэдээ