Бага дунд боловсролын хөгжлийг дэмжих нийгэмлэг
2018 оны 09 сарын 28 өдөр

Тогтвортой хөгжил, тогтворшилт, тогтвортой хөгжлийн төлөөх боловсролын өнөөгийн байдлын шинжилгээ

Академич Б.Жадамбаа

Дэлхий даяар анх 1972 оноос албан ёсоор түгэн дэлгэрч эхэлсэн тогтвортой хөгжлийн, тогтворшилтын, тогтвортой хөгжлийн төлөөх боловсролын үзэл санааг ажил хэрэг болгох үйл явц жам ёсныхоо орчлын дагуу тасралтгүй өрнөсөөр энэ цаг үед тулд ирлээ. 1972 оноос хойших 40 гаруй жилд эдгээр үзэл санааг хэрэгжүүлэх асуудал дэлхийн хамтын нийгэмлэгийнхний анхаарлын төвд байсан, байсаар ч  байна. Үүнийг сүүлийн 40 гаруй жилийн дотор эдгээрийн талаарх НҮБ –аас гаргасан тунхаглалууд, санаа санаачилгууд, тэдгээрийн хүрээнд хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүд, тэдгээрт зарцуулсан хөрөнгө хийгээд хүн хүч зэрэг нотлон харуулж байна. Гэхдээ өөрсдийнхөө хүссэн үр дүнд төдийлөн сайн хүрч чадахгүй байгаагаа ч бас дэлхий нийтээрээ  өнөө цагийн бодот байдлаасаа харж, хүлээн зөвшөөрч сууна. Яагаад гэдгийг тодруулахын тулд, юуны өмнө  ихээхэн хөрөнгө хүч зарцуулан байж хийсэн их ажлынхаа үр дүнд хүрсэн тогтвортой хөгжил тогтворшилтой хөгжил, тогтворшилт, тогтвортой хөгжлийн төлөөх боловсролын үзэл санааны өнөөгийн байдлыг тал бүрээс нь шинжиж үзэх хэрэгцээ  шаардлага бий болж   байна.

Хэдийгээр дээрх үзэл санааны хэрэгжилтийн  үйл явц, үр дүнг нийтэд нь шинжилж гэмээн өнөөгийн байдлыг тодруулах учиртай боловч, бид энэ ажилд тэдгээрийг төлөөлүүлэн 1915 онд АНУ –ын Нью –Йорк хотноо болсон НҮБ-ийн тогтвортой хөгжлийн талаарх дээд хэмжээний уулзалтаас баталсан “Эх дэлхийгээ шинэчилье: Тогтвортой хөгжлийн хөтөлбөр -2030”, 2016 онд Монгол Улсын Их Хурлаас батлан гаргасан  “Монгол Улсын Тогтвортой Хөгжлийн Үзэл Баримтлал  - 2030”  гэсэн хоёр баримт бичгийг авч үзлээ. (“Тэгш хөгжил, тэгш хөгжлийн төлөөх боловсрол” номоос үзнэ үү)

Бид энэ удаад уг баримт бичигт буй өнөөгийн тогтвортой хөгжлийн 17 зорилгуудын зөвхөн 4 дүгээр зорилгын шинжилгээг сониныхоо багахан хуудсанд багтаан авч үзлээ.

Тогтвортой хөгжлийн 17 зорилгуудын  дөрөвдүгээрх “хүн бүрт чанартай боловсролыг тэгш, оролцоотой хүргэх, насан турш сурч боловсрох боломжийг бүрдүүлэх” гэдэг нь  тогтвортой хөгжлийн хүрээн дэх боловсролын зорилго байна. Энд буй түлхүүр үгс нь хүн бүрт бүгдэд, чанартай боловсрол, тэгш, оролцоо, насан турш байнга, сурч боловсрох эрдэмшиж боловсрох, тэгш хүргэх, оролцоотой хүргэх, насан турш сурч боловсрох боломж бүрдүүлэх байна.  

Уг зорилгыг   “хүн бүрт – чанартай боловсролыг тэгш, оролцоотой хүргэх – насан турш сурч боловсрох боломжийг бүрдүүлэх” гэсэн “амь – арга – билиг” лугаа гурвал бүтэц бүхий  гэж үзэж болно.  Түүний “амь – арга – билиг” гурвалыг амь нь   “хүн бүрт” ”бүгдэд”, арга  нь   “чанартай боловсролыг тэгш, оролцоотой хүргэх”, билиг нь “насан турш сурч боловсрох боломжийг бүрдүүлэх” байна. 

 Арга болох “чанартай боловсролыг тэгш, оролцоотой хүргэх” –ийн  “амь” –тай, “ахуй”-тай “ухамсар”-тай  холбоотой хэсэг  нь харгалзан  “чанартай боловсрол”, тэгш байнга, оролцоотой боломжоор нь байна. Үүнийг тооцвол, тэр “чанартай боловсролыг тэгш – оролцоотой хүргэх”, “чанартай боловсролыг байнга - боломжоор нь хүргэх” гэсэн хос,  “чанартай боловсрол – тэгш – оролцоотой хүргэх”, “чанартай боловсрол – байнга – боломжоор нь хүргэх”  гэсэн гурвал бүтэц бүхий байна.  Эндээс, тогтвортой хөгжлийн  үндсэн зорилгын дээрх гурамсан холбооны арга тал “чанартай боловсролыг тэгш – оролцоотой хүргэх”,  “чанартай боловсролыг байнга - боломжоор нь хүргэх”, эс бөгөөс “чанартай боловсролыг  – тэгш – оролцоотой хүргэх”, “чанартай боловсролыг – байнга – боломжоор нь хүргэх” гэсэн хэлбэртэй болж байна. Үүний эхний хэсгийн хувьд амь ахуй нь “чанартай боловсролыг байнга тэгш”, билиг нь боломжоор нь оролцоотой хүргэх” бол, хоёр дах хэсгийн хувьд, амь  нь “чанартай боловсрол”, ахуй нь “байнга””тэгш” , ухамсар билиг нь “боломжоор нь оролцоотой” хүргэх юм.

Билиг  талын “насан турш сурч боловсрох боломжийг бүрдүүлэх” гэдгийн бүрдүүлэх зүйл нь “насан турш байнга сурч боловсрох  боломж”. Сурч боловсрох нь “эрдэмшин боловсрохуй” – н  хүмүүний өөртэй нь холбоотой тал юм. Эдгээрийг тооцвол, түүнийг “байнга сурч боловсрох – боломжийг бүрдүүлэх”, “байнга эрдэмшин боловсрох – боломжийг бүрдүүлэх”, “байнга – сурч боловсрох – боломжийг бүрдүүлэх”, “байнга – эрдэмшин боловсрох -  боломжийг бүрдүүлэх”  хэмээн томьёолж болно.  Эндээс, тогтвортой хөгжлийн үндсэн зорилгын  дээрх гурамсан холбооны билиг  талыг  “байнга сурч боловсрох  – боломжийг бүрдүүлэх”, “байнга эрдэмшин боловсрох – боломжийг бүрдүүлэх”, “байнга – сурч боловсрох – боломж бүрдүүлэх”, “байнга – эрдэмшин боловсрох  - боломж бүрдүүлэх” гэж  тодорхойлж болох байна. Эхний хэсгийн хувьд, амь ахуй нь  байнга сурч боловсрох” байнга эрдэмшин боловсрох”, билиг нь “ боломжийг бүрдүүлэх” юм. Харин хоёр дах хэсгийн хувьд, амь нь байнга,  арга нь “сурч боловсрох” буюу “эрдэмшиж боловсрох”,  билиг нь “боломжийг бүрдүүлэх” байна.  

Сурах гэдэг нь ямар нэгэн мэдлэг, заншлыг эзэмших, мэдэхгүй чадахгүй зүйлээ мэддэг чаддаг болох, занших, дадах гэсэн утга агуулгатай нэгэн. Эл агуулгын эхний “ямар нэгэн мэдлэг, заншлыг эзэмших” нь  сурах зүйлийн  зогсонги статик талтай,  мэдлэгтэй боловсролтой холбоотой  хэсэг. Дараагийн “мэдэхгүй, чадахгүй зүйлээ мэддэг чаддаг болох, дадах”   нь сурах зүйлийн   хөдлөнгө динамик талтай, чадвартай  холбоотой  хэсэг бөлгөө.  Дэлхий нийт, бас бид  өнөөдөр энэ хоёрт л баримжаалан хүмүүсийг боловсруулахыг зориж байна. Энэ зөв үү?. Мөхөс  миний бодлоор бол буруу. Учир нь цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй шүү дээ. Магадгүй өнөөгийн бидний  залгамж хойч үедээ, мэргэжил эзэмших гэсэн хүмүүст эзэмшүүлэх гээд байгаа мэдлэг, чадвар тэдний ирээдүйн амьдрахуйд, ирээдүйн нь ажлын байрны тавигдах шаардлагад тохирохгүй ч байж мэднэ. Лав л тэд өнөөгийн бидний заасан шиг амьдрахгүй нь үнэн. Жишээ нь, 2030 он гэхэд өнөөгийн ажлын байрны тав гаруй хувь байхгүй болно гэсэн судалгааны үр дүн ч байна.

Амьдрал баян төдийгүй байнга урсаж өөрчлөгдөж байдаг. Бид түүнийг сөрж биш дагаж, бүр журамлан дагаж явж л амьдардаг, амьдрах ч учиртай.  Тиймийн сурч авууштай, мэддэг чаддаг болох ёстой зүйл бол мэдлэг ч биш, юм хийх чадвар ч биш, харин юм хийж сурах чадвар хийгээд эрдэм.  Товчоор хэлбэл, сурах зүйл бол сурах эрдэм. Сурах нь сурах эрдмийн арга тал бол, эрдэм нь түүний билиг тал. Иймийн учир,  сурах эрдэм эзэмшихийг сурах эрдэмд боловсрохыг арга талаас нь “сурч боловсрох”, билиг талаас нь  эрдэмшиж боловсрох” гэж  нэрэлдэг билээ. Үүний  сурч боловсрох”  нь   сурах эрдэмд боловсрох”, “эрдэмшиж боловсрох” нь эрдэм чанарт боловсрох” гэсэн санаа юм.  Эрдэм чанарт, өөрөөр хэлбэл, ёсыг журамлан дагахуйд боловсрох бол бидний цаашид авч хэрэглэх төдийгүй өвлүүлэн хөгжүүлэх өвгөдийн маань бүтээсэн хүмүүнээр хүн хийх, амь  амьдрах ухаанд суралцах арга технологи юм. Өнөөдөр бид үүнийг арай л шууд зоригтойгоор зорьж чадахгүй л байна. Гэхдээ тойруу замаар ойртож л явнаа. 

Үүнийг 1992 оны үндсэн хуулийн “Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ” гэсэн арван зургадугаар зүйлийн “7”  болох  “ сурч боловсрох эрхтэй”  заалтыг  “сурах эрдэм эзэмших эрхтэй”, “сурах эрдэмд боловсрох эрхтэй” хэмээн үзэх аваас ойлгож болно. Иргэдийг сурах эрдэмд боловсруулж байж гэмээнэ тэдний  сурах эрдэм эзэмших эрх хангагдах учиртай. Иргэдийг сурах эрдэмд боловсруулах ажлыг удирдагч хийгээд зохион байгуулагч  нь төр буюу боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага юм. Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага бол  залгамж хойч үеэ буюу иргэдээ  элдэв ухааны  сурах эрдэмд боловсруулах ажлыг удирдан, зохион байгуулах үүрэгтэй нэгэн. 

Өнөөгийн байдлыг шинжин үзвээс, Монгол Улсын боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь хүүхдийг, иргэдийг элдэв ухаанд, элдэв ухааны сурахад  боловсруулахыг эрхлээд элдэв ухааны эрдэмд боловсруулахыг орхигдуулж буй мэт  харагдаж байна.  Энэ бол бараг Монгол Улсын боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага үндсэн хуулийг хэрэгжүүлэхгүй байна хэмээн хэлж болохуйц ноцтой зүйл шүү. Энэхүү ноцтой байдлаас гарах гол арга зам нь  Монгол Улсын боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага өөрөө санаачлан хүүхдийг, иргэдийг элдэв ухааны эрдэмд боловсруулахуйцаар эрхзүйн орчин болон бодлогоо боловсруулан баталгаажуулж, түүнийгээ ажил хэрэг болгох явдал болно.  

Өөр нэгэн гайхалтай зүйл нь 1992 оны шинэ үндсэн хуулийн “сурч боловсрох эрх”–ийг хэрэгжүүлэх тал  болох “элдэв ухааны сурах эрдэмд боловсруулах  нь 1924 оны анхдугаар үндсэн хуулийн “...элдэв ухааны эрдэмд боловсруулах...” гэдэгтэй дүйж буйн гадна  “сурах” нэмэгдэж түүний дэвшлийн орчлын чанарын нэгэн дээд шат болж томьёологдсон байгаа явдал байна. Энэ бол Монголчууд бидний боловсролын талаарх уламжлал буюу эши үзэл маань төөрч будилсаар төрхөмдөө орж байгааг гэрчлэх нэгэн баримт болох байна.

Энэ бүхнийг нэгтгэн үзвэл, НҮБ-ийн дээд хэмжээний уулзалтаас дэвшүүлсэн тогтвортой хөгжлийн 17 зорилгуудын боловсролтой холбоотой 4 дүгээр зорилгыг Монголчуудын уламжлалт амь ухааны буюу “амь – арга – билиг”  гурвал сэтгэлгээний үүднээс ухаарч ухамсарлаж болмоор байна.

Мэдээний хуудас руу     |     Буцах
Шинэ мэдээ