Бага дунд боловсролын хөгжлийг дэмжих нийгэмлэг
2018 оны 09 сарын 21 өдөр

Төслийн баг орон нутагт ажиллав

Товчхондоо, бид 2018 он гарсаар өөрийн орон нутаг дах 20 орчим салбаруудын үйл ажиллагаатай танилцаж, багш идэвхтэн дэмжигчидтэйгээ уулзаж, “Монголын уламжлалт соёлд түшиглэн орон нутгийн иргэний нийгмийн чадамжийг дээшлүүлэх” төслийн үр дүнгээ хэлэлцэн, цаашдын зорилтоо тодорхойлон ажиллалаа.

 

Ялангуяа, шинээр байгуулагдсан 5 салбартаа хүрч ажилласны дүнд салбар бүр энэ хавар “өөрийн амьдарч буй орон нутгаа” хөгжүүлэхэд ард  иргэдэд нөлөөлөх ажлыг амжилттай зохион байгуулсан олон үйл ажиллагаанаас зарим жишээг “Хөөрөлдөөн” сонины 2018 оны 6-р сарын дугаарт нийтэлсэн болно. 

Шинэ ном

БДБХДН-ийн Тэргүүн, академич Б.Жадамбаа бид бүгдэд зориулж дараах 2 номыг зохиож хэвлэлтэд өгсөн бөгөөд удахгүй бидний хүртээл болно:  “Тогтвортой хөгжлийн зорилгууд ба эрдэм”, “Хичээлээр сурагчдыг үйлийн явцад суралцахуйд сургах арга зүй”.

 

Дэлхийн “монгол судлал-д бидний оруулж буй хувь нэмэр

Герман улсын Боннын Их Сургуулийн профессор Инес Штольпе тэргүүтэй багш, оюутнууд ирэх 8 дугаар сард Монгол оронд ирж манай салбар сумдад зочлох гэж байна. Тус Их Сургуулийн ази, монгол судлалын факультетын 12 багш оюутнууд Архангай аймгийн Хашаат, Өндөр-улаан болон Булган аймгийн Баян-агт, Хангал сумдад очиж, сурагчдын дотуур байранд байрлан бидний уламжлал, ёс заншилтай танилцах аялал хийх юм. Манай нийгэмлэгийн салбарууд ийнхүү дэлхийн монгол судлалд хувь нэмрээ оруулж буй хэрэг билээ. Өмнө нь манай төслийн сум, сургуулиуд /Дундговь аймгийн Гурвансайхан, Өмнөговь аймгийн Цогтцэций, Хэнтий аймгийн Дадал, Баян-адарга сум/ Герман улсын Бонн болон Хумбольдтын Их Сургуулийн оюутнуудыг монгол судлалын чиглэлээр 2 ч удаа хүлээн авч, ийм аяллыг зохион байгуулж байсан юм.

 

 Удирдах Зөвлөлийн шинэ гишүүн Д.Тоохуар

БДБХДН-ийн Удирдах Зөвлөлийн гишүүнээр Д.Тоохуар томилогдсоныг гишүүд дэмжигчдэдээ дуулгахад таатай байна. Д.Тоохуар нь Дорноговь аймгийн Эрдэнэ сумын дунд сургуульд сургалтын менежер, захирлаар он удаан ажилласан, 2000 оноос хойш бидэнтэй тасралтгүй хамтран ажиллаж, одоо Эрдэнэ сум дах салбарын зохицуулах зөвлөлийн даргаар ажиллаж байгаа, манай хамгийн идэвхтэй гишүүн, зохион байгуулагч билээ. Монголын хөдөө орон нутгийг хөгжүүлэх үйлсэд бидэнтэй үргэлж хамт байгаа манлайлагч Танд амжилт хүсье.

 

Мэдээний хуудас руу     |     Буцах
Шинэ мэдээ